
Гарын арьс гуужиж, хуурч эхэлбэл яах вэ?

Өвлийн улиралд арьс хуурайшиж, арьсны хамгаалалтын давхарга эмзэгшиж, гуужих нөхцөл үүсдэг. Уруул хуурайшвал уруулын балм түрхэх, арьс таталдвал чийгшүүлэх тонер хэрэглэн тайвшруулах, хуурайшсан нүүрийг өтгөн бүтэцтэй тосоор чийгшүүлэх зэргээр нүүрний арьс хуурайшиж, эмзэгшиж эхэлбэл авч болох олон аргууд бий. Харин гарын арьс гуужиж, цаашлаад хуурч эхэлбэл дан ганц гарын тосоор асуудлыг шийдэх боломжтой болов уу?
Насанд хүрсэн хүний арьсны дээд давхарга болох эпидерм нь байгалиасаа 40-56 хоногт гуужиж байдаг. Харин арьс хуурч эхэлбэл өөр хүчин зүйлийн нөлөөнөөс болсон байх магадлалтай бөгөөд ихэнхдээ уур амьсгал, хуурай агаараас болдог ч нар, салхинд түлэгдсэн арьс эдгэх, арьс харшлах үед хуурах тохиолдлууд бий.
Гарын арьс хуурахад хүргэдэг шалтгаанууд болоод урьдчилан сэргийлэх шийдлүүдийг авч үзье.

Гараа угаах
Ковид-19 гарснаас хойш хүмүүс гараа тогтмол угааж, алкохол суурьтай бактери устгах гар ариутгагчийг өдөр тутмын хэрэглээгээ болгосон. Хэдийгээр гараа угааж, ариутгагч хэрэглэх нь эрүүл ахуйн талаас зөв боловч давтамж нь хэт ихэдвэл арьсны байгалийн тосыг үгүй хийж, гарын арьс хуурайших, эмзэгших нөхцлийг бүрдүүлж цаашлаад гарын арьс хууларч эхэлдэг. Гарын тос хэрэглэхгүй яваад байвал асуудал бүр л дордоно. Харин дээрх асуудлыг шийдэхийн тулд:
Гараа хүйтэн бүлээн усаар зөөлөн саван ашиглан угаах
Гараа арчих үедээ хөнгөн дарж арчин арьсан дээр ус үлдээх
Гар хатсаны дараа хангалттай хэмжээгээр чийгшүүлэх тос түрхэх (гарын тос нь хиймэл үнэр, өнгө оруулагчгүй, вазелин, байгалийн тос агуулсан бол сайн)
Гар ариутгагч хэрэглэсэн үед даруй гарын тос түрхэх